CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Түвдийн аялал жуулчлал

04-25-2016 16:13

 

Намцо нуур

“Цо” гэдэг нуур гэсэн утгатай түвд үг юм. Түвдэд их бага нуур бүрд 1500 гаруй бий. Тэдний нийт талбай 240 гаруй ам дөрвөлжин км бөгөөд бүх Хятадын нуур бүрдийн гуравны нэгийг эзэлнэ. Өндөрлөг газрын нуур бүрдийн талбай их, маш гүнзгий, усны нөөцөөр тун баялаг. Тэдгээрээс хамгийн том нь Намцо нуур юм. Намцо нуурыг “Тэнгэр нуур”, “Сахиулсан нуур” хэмээн өргөмжлөх бөгөөд Түвдийн уламжлалт буддын шашны мөргөлийн газар юм. Намцо нуур Лхас хотын Даньсюн сянь болон Банге сяний хооронд байдаг. Зүүн өмнө нь жилийн дөрвөн улиралд цас мөсөнд хучаатай байдаг Няньчин Тангуул уул, хойд талд нь үргэлжлэн ханарсан уул нурууд, эргэн тойронд нь хөхрөн ногоорсон өргөн уудам тал бий.

Будлан ордон

ТӨЗО-ны төв Лхас хотын баруун хойд уулан дээрх Будлан ордон далайн төвшнөөс дээш хамгийн өндөрт буй, хамгийн том хэмжээтэй орд харш юм. НТ VII зуунд байгуулагдсан Будлан ордон 13 давхар, 41 га талбайтай, бүхэлдээ боржин чулуугаар бүтсэн мянгаад өрөө тасалгаатай. Дотроо үе үеийн далай ламын хөрөг бүхий шарилын суварга, төрөл бүрийн дугантай. Шарилын суваргануудыг бүхэлд нь алтдаж, сувд хаш шигтгэн туйлын эрхэмсэг урласан байдаг. V далай ламын шарилын суварга гэхэд 14.85 м өндөр, 119 мянган лан буюу 5850 кг алт, 4000 гаруй шүр сувдан чимэглэлтэй.

Будлан ордонд далай лам нарын амьдарч байсан өрөө тасалгаа, шашны үйл ажиллагаа явуулж асан сүм дуган бий. Далай ламын өргөө хамгийн дээд давхарт байдаг болохоор “Нарны ордон” хэмээнэ. 1961 онд Хятадын төв засгийн газар Будлан ордныг улсын хэмжээний түүх соёлыг хамгаалах дурсгал болгож, жил бүр тусгай хөрөнгөөр санхүүжүүлж засвар хийлгэдэг болсон юм. 1989-1994 онд улсаас 53 сая юаний хөрөнгө зарцуулж Будлан ордныг иж бүрэн засварлажээ.


Их зуу хийд ба Бакур гудамж

Лхас хотын Их зуу хийдийг НТӨ 647 онд байгуулж эхэлсэн бөгөөд Түвдийн Соронзонгомбо хаан Тан улсын Вэньчэн гүнжийг Түвдэд авчрах үед барьж дуусгажээ. Тус хийдэд бурхан, номын хоёр их дуган бий. Бурхны дуган 4 давхар, алтадсан хүрэл таазтай. Сүрлэг сайхан тэр дуган Тан улсын үеийн барилгын хэв загвар, Балба, Энэтхэгийн архитектурын онцлогийг шингээжээ. Цогчин дуганы төвд Вэньчэн гүнжийн Чан Ань-аас авчирсан Шагжамуни бурхны 12 настай үеийн алтадсан цээж баримлыг тахиж байна. Хийдийн хонгил, дуганы дөрвөн талыг Вэньчэн гүнжийн Түвдэд ирэх үеийн үйл явдал, үлгэр домгийг өгүүлсэн түвд бичээс, ханын зургаар дүүргэж, мянга шахам метр газрыг гайхалтай сайхнаар урлажээ.

Их зуу хийдийн Бакур гудамжны дагуу орон нутгийн болон энэтхэг, балба худалдаачдын гаргасан олон жижиг пүүс бий. Тэнд өвөрмөц онцлог бүхий төрөл бүрийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулна. Тэрхүү гудамжинд мөргөл хийж байгаа хүмүүс их сонирхолтой. Тэд мөргөлийн хамгийн дээд арга хэлбэрээр бурхан шашиндаа хязгааргүй үнэнч гэдгээ илэрхийлдэг. Тэдний дунд алс холоос ирсэн мөргөлчид байх бөгөөд нутгийн ард иргэд ч бий. Өглөө эрт хагас цаг орчим мөргөл хийгээд, дараа нь харьж хувцас хунараа солин гараа угааж, цайгаа уугаад ажилдаа гардаг. Хятадын уламжлалт тайжичюань болон амьсгалын дасгалын адил сунаж мөргөх нь нэг төрлийн биеийн тамир юм.

Дашлхүмбэ хийд

Дашлхүмбэ 500 гаруй жилийн түүхтэй, Умард Түвдийн хамгийн том хийд юм. Тус хийдэд Банчин богд улс төр, шашны үйл ажиллагаа явуулж байжээ. Дашлхүмбэ хийд уулын бэл түшсэн 50 гаруй дуган, 200 гаруй өрөө тасалгаатай. 30 метр өндөр дуганд Майдар бурхны 26.2 метр өндөр суумал хүрэл хөрөг бий. Тэр хөргийг 6700 лан шижир алт, 230 мянган жин зэсээр бүтээжээ. Бурхны тэргүүнд том жижиг очир эрдэнэ, шүр сувд, хув зэрэг 1400 гаруй үнэт эрдэнэ шигтгэсэн байна.

Буддын шашин, сүм хийд

Түвд, монгол үндэстний нутагт дэлгэрсэн “Ламын шашин” бол буддын шашны нэгэн өвөрмөц урсгал юм. Ламын шашин эртний Энэтхэг, Хятадын өмнөд нутгаас Түвдэд уламжлагдан дэлгэрч, орон нутгийн уугуул сүсэг бишрэлтэй уусан бий болсон түвдийн өвөрмөц өнгө аяс бүхий шашин юм. Хятад үндэстний буддын шашин, Энэтхэгийн буддын шашны нөлөөгөөр, Түвдийн уламжлалт буддын шашны сүм хийдийн дийлэнх нь Хятад орд харшийн хэв загвартай, том хэмжээтэй, сүрлэг, хээ сийлбэр бүхий тулгуур нуруутай, гойд сайхан барилгатай. Жишээлбэл, Лхасын Будлан ордон, Бэрээвэн хийд, Хөх нуурын Гүмбум хийд бол эртний барилгын гайхамшигт цогцолбор юм.

Түвд сүм хийдийн барилгад өнгө будгийг ихэд эрхэмлэнэ. Сүм дуган дотроо өндөр, уужим, нуруу тулгуураа зэлэм лавриар чимж, заримыг нь гоёмсог сайхан хивсээр ороодог. Сүм хийдийн гадна талыг улаан, цагаан, хүрэн, шар өнгөөр будаж, цагаан өнгийн хананд хар цонх гаргаж нууц далдын увдисыг илтгэнэ.

Баяр ёслол

Хятад улс Түвдийн ард түмний итгэл үнэмшил, ёс заншлыг хүндэтгэдэг. Түвд болон бусад цөөн тоот үндэстнүүд бүгд өөр өөрийн уламжлалт ёс заншлаа дээдлэх эрхтэй. Тэд үндэстнийхээ хувцас хунар, идээ ундаа, орон сууцны уламжлалт хэв загвараа хадгалахын зэрэгцээ идэх уух, гэрлэх, оршуулах ёс заншлын хувьд орчин үеийн соёлыг хүлээн авч байна. Түвдэд зарим уламжлалт баяр ёслол болох Түвд зурхайн цагаан сарын баяр, Сагдавын баяр, Шодонгийн баяр зэрэг сүм хийдийн бишгүй олон шашны баярын үйл ажиллагааг өвлөн хамгаалахын зэрэгцээ Хятад болон дэлхий дахинд дэлгэрсэн шинэ баярыг ч тэмдэглэх болжээ.

Танка

Танка бол даавуу, торго, цаасан дээр зурж хатгасан өнгөт зураг бөгөөд түвд үндэстний соёлын өвөрмөц онцлог бүхий гайхалтай урлаг юм. Танкаг бүтээхдээ ям олсон даавуу, жирийн даавуу эсвэл торгоор дэвсгэр болгоно. Танка зургийн будгийн найрлагад ашигт малтмал, ургамлын будах материал ордог бөгөөд амьтны гаралтай цавуу, үхрийн цөсийг зохих харьцаагаар холино. Эдгээр түүхий эдийн жор тун шинжлэх ухаанч, танка зураг Түвдийн өндөрлөгийн хуурай агаарт олон зуун жил өнгөө алдахгүй шинэхэн зураг шиг хэвээрээ хадгалагддаг аж. Танка зураг зан заншлыг тусгасан агуулгатай, олон янзын сэдэвтэй бөгөөд ихэнх нь бурхан шашны агуулгатай байдаг.

Цам

Түвд цамын урлаг өнө удаан жилийн түүх, олон урсгал чиглэлтэй, цам харайх арга хэлбэр нь ч үндэстний өвөрмөц онцлогтой. “Вэньчэн гүнж”, “Носон ван” зэрэг 8 их цамын сонгодог бүтээл ая дуу, хэм хэмнэл уянгатай, баг өмсгөлүүд нь гайхалтай сайхан. Түвд цам бол дуу бүжгийн хэлбэрээр агуулгаа илтгэдэг урлаг юм. XV зуунд Гаржидавын урсгалын хувраг Танданжав буддын шашны үлгэр домгийг зохиол болгон найруулж богино үлгэртэй дуулалт жүжгээ олон газар тогложээ. Энэ бол түвд цамын эхлэл юм.

Язгуур урлагийн олон хэлбэр холилдсон түвд цам эрт дээр үеэс анхны хэлбэрээ өөрчилсөөр иржээ. Орчин үеийн түвд цам жүжгийн зохиол, бүжиг, дуулах аятай, дүр бүхэн өөр өөр өмсгөл багтай, хослол хөгжим, дуулах анги бүхий ерөнхийлсөн урлаг болжээ. Түвдэд язгуур цамын чуулга олон бий. Тэд хөдөө тосгонд очиж майхнаа шаагаад, цам харайх үед ойр хавийн хүн ард цуглаж талбай дүүрэн хүн цам үздэг байна.

Балин

Балин тахилын урлагийг “тосон цэцэг” хэмээдэг. Балингийн урлаг буддын шашин, Шагжамунийн үлгэр домог, түүх, ший жүжиг зэрэг өргөн дэлгэр утга агуулгатай. Урлан бүтээсэн хэлбэр маяг ч тун олон янз. Нар сар, од мичид, цэцэг навч, өвс ургамал, жигүүртэн шувуу, араатан гөрөөс, асар тагт, суварга цамхаг, төрөл бүрийн бурхны хөрөг баримал, бичиг цэргийн эрдэм хосолсон жанжин түшмэд зэрэг хүмүүсийн дүр гээд олон зүйл бий.

Балинг урлан бүтээх арга барил нь ч олон янз бөгөөд урлагийн төвшинд хөгжжээ. Түүнийг хэмжээ, зориулалтаар нь тахилын зориулалт бүхий бага дунд балин, үзмэрийн зориулалттай томоохон балин гэж хоёр төрөлд хуваана. Тахилд зориулсан жижиг хэмжээний балин маш уран нарийн, өнгө будаг ялгарсан, төрөл зүйл, хэлбэр маягаар олон янз бөгөөд бэлэг дэмбэрэл, баяр дурсгалын өвөрмөц онцлогийг илэрхийлсэн байдаг.

                                                                                                       Д.Гүнтөмөр

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cntv.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100