“Baselworld-2016” олон улсын үзэсгэлэн яармаг боллоо
04-19-2016 17:36
Саяхан Швейцарын Базель хотноо цаг, үнэт эдлэлийн “Baselworld-2016” олон улсын үзэсгэлэн яармаг боллоо. Үзэсгэлэн яармагт дэлхийн шилдэг брэнд үйлдвэрлэгч 1500 гаруй компани оролцсон байна.
Цаг, үнэт эдлэлийн олон улсын үзэсгэлэн яармагийг Базельд 1917 оноос эхэлж зохион байгуулсан түүхтэй. Анхны үзэсгэлэн яармагт Швейцарийн 30 орчим компани оролцож байсан бол өдгөө 100 гаруй орны 150 мянга орчим мэргэжилтэн анхаарал тавьж, тэргүүний шинэ бүтээл, дизайнаа дэлхийд таниулдаг, тэдний хүсэн хүлээдэг яармаг болтлоо өргөжсөн байна. Үзэсгэлэн яармагаас жилд 2 тэрбум швейцарь франкийн орлого олж, 13 мянган ажлын байр шинээр бий болдог гэнэ.
Базелийн үзэсгэлэн яармаг тухайн салбарын хөгжил, ирээдүйн хандлагыг тодорхойлоод зогсохгүй цаг, үнэт эдлэлийн дэлхийн зах зээлийг хүмүүст таниулж, шинэ бүтээмж, хийц, дизайнаас уран санаа олох боломжийг бусдад олгодгоороо онцлогтой.
“Baselworld-2016” үзэсгэлэн яармагт олон улсын 1500 гаруй брэнд бүтээгдэхүүн оролцсоны 300 гаруй нь Швейцарийнх юм. Швейцарь цагны үйлдвэрлэл 2010 оноос хойш 60 гаруй хувиар нэмэгдэж, экспортын хэмжээгээр дэлхийд тэргүүлсээр байна. Нээлтийн ёслолд оролцсон Швейцарын холбооны зөвлөлийн гишүүн, хатагтай Симонетта Соммаруга: ““Baselworld-2016” үзэсгэлэн яармаг дэлхийд өргөн барьсан Швейцарь улсын нэрийн хуудас юм” гэж хэлсэн байна.
Тэрээр: “Базелийн цаг, үнэт эдлэлийн олон улсын үзэсгэлэн яармаг нь дэлхийн хэмжээнд зохион байгуулж буй томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Цагны аж үйлдвэр Швейцарийн эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг. Түүгээр ч зогсохгүй Швейцарийн бүтээгдэхүүний чанарыг ч тодорхойлдог” хэмээн ярьж байлаа. Сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн байдал тааруу байгаа ч энэ нь Швейцарь цагны үйлдвэрлэлд нэг их нөлөөлөөгүй байна. Швейцарийн “De Grisogono” бол уг үзэсгэлэнд 15 дахь жилээ оролцож байгаа компани юм. Компанийг үүсгэн байгуулагч Фаваз Груоси: “Жил бүрийн үзэсгэлэнгээс бүтээгдэхүүний дизайныг, шинэ чиг хандлагыг олж харж, түүнтэй танилцах өргөн боломж нээгддэг. Би жил бүр энэ үзэсгэлэн яармагаас маш гайхалтай мэдрэмж олж авдаг. Учир нь би зохион бүтээх хорхойтой хүн л дээ. Бас удаа дараа миний бүтээсэн дизайныг хорхойтон сонирхож буй хүмүүстэй таарсан. Энэ удаагийн үзэсгэлэнд тавьсан манай компаний шинэ загварын бугуйн цаг олон улсын зах зээлд гайхамшигийг бүтээнэ гэдэгт би итгэлтэй байна" гэсэн юм.
Фавазын хэлсэн шинэ загварын бүтээгдэхүүн бол тэд энэ онд “Самсунг” компанитай хамтран үйлдвэрлэсэн ухаалаг бугуйн цаг юм. Энэ цагны давуу тал нь: уламжлалт механик бугуйн цагны гадарыг ухаалаг технологтой хослуулан хэрэглэснээрээ онцлогтой юм. Ухаалаг бугуйн цаг ирээдүйд уламжлалт механик цагийг орлож болох эсэх тухай сонирхоход Фаваз үгүйсгэсэн хариулт өгч, “ "Орлож чадахгүй гэж бодож байна. Ихэнх хүн сонгодог механик бугуйн цагийг илүүд үздэг. Гэхдээ ялангуяа залуус цоо шинэ зүйлийг илүү ихээр сонирхдог. Ирээдүйд хоёр төрлийн бүтээгдэхүүн зэрэг хөгжиж болох ч харилцан уялдах чиг хандлага давамгайлж болзошгүй" гэжээ.
Д.Гүнтөмөр
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mn.cntv.cn